• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
  • (+976) 261614
  • info@pcsp.gov.mn

УРИАЛГА

УРИАЛГА

2020-11-20 Зар мэдээ

Улаанбаатар хот                                                  

Дэлхий дахинд нүүрлээд буй шинэ төрлийн халдвар КОВИД-19 цар тахлыг Монгол улс дотооддоо алдалгүй сэргийлж, 10 сар гаруйн хугацаанд УИХ, Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж, Монгол хүн бүр хичээл зүтгэл гаргаж, Монгол улс дотооддоо халдвар алдаагүй цөөн орны нэг болж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайшаал, талархлыг хүлээж байсан.

Харамсалтай нь сүүлийн хэдхэн хоногт  Монгол улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар тархаж, халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Цар тахлын аюулыг хохирол багатай давахад иргэн, хувь хүн бүрийн оролцоо нэн чухал бөгөөд хүн бүр Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг чандлан сахиж, тууштай мөрдөхийг уриалж байна.  

Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагатай байж, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахин, ажиллагсдаа халдвараас хамгаалах хэрэгслээр хангах, цаашид сонор сэрэмжээ улам дээшлүүлж, хариуцлага, сахилгаа чангатган, эв эеийг хичээж, эрсдэлтэй цаг үеийг амжилттай даван туулахыг уриалж байна. 

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шуурхай арга хэмжээ авч байна. Халдварын хил хязгаарыг хумьж, цаашид гарах эрсдэлийг бууруулахын төлөө төрийн тусгай болон мэргэжлийн байгууллагын олон мянган албан хаагчид өдөр, шөнөгүй ажиллаж байна.

Монголчууд Та бидний төлөө халдварын голомтод цурам хийлгүй ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид, үүрэг хүлээсэн эмч, сувилагч нар, Улсын онцгой комиссын нийт албан хаагчдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамт олноос нэг өдрийн цалингаа хандивлаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын санаачилгыг дэмжиж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР