Эх орондоо болон хилийн чанадад амьдарч буй нийт Монголчууддаа улиран одож буй 2020 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, угтан ирж байгаа 2021 ондоо аз хийморьтой, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, Та бүхэндээ аз жаргал, амжилт бүтээлийг хүсье.

  ТӨБЗГ-ын хамт олон төрийн өмчит аж ахуйн нэгж, төрийн болон орон нутгийн өмчит 6082 байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, ашиглалт, хамгаалалтад бүртгэлээр хяналт тавьж, зохицуулалт хийж, санхүүгийн иж бүрэн шалгалт явуулж гарсан зөрчил дутагдалд хариуцлага тооцож, урьдчилан сэргийлж, алдаа зөрчил дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

   ТӨБЗГ-ын хамт олон Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын харьяанд Төрийн болон орон нутгийн өмчийн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу төрийн өмчийг эзэмших, ашиглах, үр өгөөжийг сайжруулах чиглэлээр чамгүй амжилттай ажиллалаа.

   Бид төрийн өмчит  аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, засаглал, менежментийг сайжруулахад анхаарч, шат дараалсан арга хэмжээ авч ажилласны үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлт сайжирч, зардал буурч, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, ногдол ашиг эрс нэмэгдлээ.

      Тухайлбал 2020 онд Төрийн өмчит хуулийн этгээдүүд Улс, орон нутгийн төсөвт 2 их наяд гаруй төгрөгийг оруулж, төрийн өмчийн ногдол ашгийг 173 тэрбум төгрөгөөр төвлөрүүлж, төсвийн нийт орлогын 20 гаруй хувийг бүрдүүлэв.

      Мөн Ковид цар тахлын хүнд хэцүү цаг үеийг даван туулах чиглэлээр Монгол Улсын засгийн газраас гаргасан цахилгаан эрчим хүчний суурь үнэ, нийслэлийн иргэдийн сайжруулсан түлшний нийт хэрэгцээний 75 хувийн зардлыг төрөөс хариуцах шийдвэрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК хариуцан бүрэн шийдвэрлэж буйг онцлоход таатай байна.

    Эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц болсон дээрх үзүүлэлтүүдийг хангахад Монгол Улсын засгийн газрын нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн албанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах зорилт тавьж ажилласны үр дүн гэдгийг онцлохын хамт эх орны өнцөг булан бүрд хариуцлагатай ажиллаж буй төрийн өмчийн салбарын нийт ажилтан албан хаагчдын хамтын хичээл зүтгэлд талархаж байна.

     Ирэх онд бид Төрийн болон орон нутгийн өмчийн хууль эрхзүйн орчинг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн улам бүр боловсронгуй болгон сайжруулж Улсын Их хурлаар хэлэлцүүлэн батлуулах болно. Мөн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, удирдаж буй менежерийн ёс зүйн болон ажлын хариуцлагыг улам бүр боловсронгуй, олон нийтэд нээлттэй болгох, үргүй зардлыг бууруулах, үр өгөөжгүй хөрөнгө оруулалтыг таслан зогсоох, хувь хүний хамааралтай боловсон хүчний томилгоог арилгах зэрэг “төрийг муу менежер” болгож буй бүхнийг хориглох зарчмаар “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай хуулийг шинээр боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.

       Дэлхий нийтэд сорилт дагуулж буй Ковид цар тахлын цаг үед  эдийн засгийн хүндрэлийг сөрж, хохирол багатай давахаар төр хичээж байна. Бодит боломжийг тодорхойлж Зөв бодлогоор зоригтой шинэчлэлт хийн ажиллахыг Та бүхэндээ  уриалж байна.

      Та бүхэнд угтан золгож буй шинэ оны халуун мэндийг дэвшүүлье.

      Ирэх онд амжилт батжиж, Эх орон минь амгалан оршиг ээ.

 

      Хүндэтгэсэн

             ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА  Б.ЦЭНГЭЛ